Мэдээ мэдээлэлФото мэдээ
ЭМГЭНЭЛ

“Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн Хангамжийн хэлтсийн эксковаторын операторчин Цанжид овогтой Мөнхбат нь 2026 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зуурдаар таалал төгсөж бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Талийгаач Ц.Мөнхбат нь 1975 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд Д.Цанжидын 3 хүүхдийн отгон хүү нь болон мэндэлсэн.
Тэрээр 1983-1991 онд Дархан-Уул аймгийн 15-р сургуульд ерөнхий боловсрол эзэмшиж, 1993-1994 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Зэвсэгт хүчний 334 дүгээр ангид цэргийн алба хааж, 1995 онд авто жолооны курст жолооч мэргэжил эзэмшин ажлын гараагаа эхлүүлж байжээ. Үүнээс хойш өөрийн сонирхлоор бүх төрлийн автомашин, өөрөө явагч механизм зэргийн мэргэшлийн курсуудад мэргэжил ахиулан суралцсан юм.
Тэрээр сургуулиа төгсөөд тээврийн жолоочоор 2007-2009 оны хооронд “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д хүнд машин механизмын жолооч, операторчиноор ажиллаж, 2022 оноос “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-д жолооч, эксковаторын операторчин мэргэжлээр тус компанид 4-дөх жилдээ ажиллаж байсан бөгөөд өөрийн эзэмшсэн мэргэжилдээ чадварлаг, туршлагатай, ажилч хичээнгүй, байгууллага хамт олондоо хүндлэгдсэн ажилтан байлаа.
Түүний ажилч хичээнгүй зүтгэлийг үнэлэн Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу алтан медаль”, Дархан-Уул аймгийн Засаг даргын “Жуух бичиг”,
Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний “100 жилийн ойн медаль”, Монгол Улсын Засгийн газрын шагнал “Онц Тээвэрчин” хүндэт тэмдэгээр шагнаж байжээ.
Талийгаачийн гэгээн дүр, хөдөлмөрч хичээнгүй, шулуун шударга, зарчимч, оюунлаг тууштай, нөхөрсөг зан чанар нь гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олных нь сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
“ДДС” ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН


