ЭМГЭНЭЛ


“Дарханы дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаний анхдагч нарын нэг, ахмад ажилтан Ням-Очирын Наранцэцэг хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Н.Наранцэцэг 1955 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг “Бумбат” гэдэг газар төрсөн. 1973 онд ерөнхий боловсролын сургууль, 1978 онд МУИС-ийг тус тус төгсөж Дулааны мэргэжил эзэмшсэн бөгөөд 1978 онд Дарханы ДЦС-ын ДШС-ний цехэд слесариар ажил хөдөлмөрийн замналаа эхлүүлж, Ашиглалт-засварын инженер, даргаар ажиллан 1990 онд Дарханы Дулааны шугам сүлжээний газар үүсгэн байгуулагдахад шавыг нь тавилцаж, Цехийн дарга, горимын ахлах инженер, Инженерийн албаны ахлах инженер, Дулаан түгээх албаны дарга, Ашиглалт аюулгүйн техникийн байцаагч, сургалтын инженерээр тус тус ажилласан.
Дархан хотын дулаан хангамжийн системийн найдвартай ажиллагаа, үр ашгийг дээшлүүлэн дулааны сүлжээг тогтоогдсон горимд нь оруулан ашиглалтын хугацааг нь уртасгах, дулаан хангамжийн мэргэжлийн байгууллагыг бий болгож төлөвшүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэлийг тооцоолж Дарханы ДШС-ний газрыг үүсгэн байгуулалцсан анхны удирдах ажилтан юм.
Түүний амжилт бүтээл, хичээл зүтгэлийг төр засгаас үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнагдсан.
Н.Наранцэцэгийн Дарханы дулаан хангамжийг хөгжүүлэх, үр ашгийг нь дээшлүүлэхэд бүтээлч хөдөлмөр зориулж Эрчим хүчний салбарт 32 жил тасралтгүй оюун мэдлэгээрээ хийсэн бүтээн байгуулалт, ажилч хичээнгүй хөдөлмөрч зан, гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд мөнх дурсагдах болно.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
“ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН




