Мэдээ мэдээлэл

ДУЛААН АЛДАГДАЛ-ДУЛААНЫ ХЭМНЭЛТ

Хэрэглэгч Та байр сууцандаа дулаалга, засвар, үйлчилгээг мэргэжлийн хүмүүсээр хийлгэж, шалгуулах шаардлагатай. Ингэснээр та өөрийн ая тухтай, аюулгүй орчинг бүрдүүлж, мөн дулааны эрчим хүчийг хэмнэх боломжтой болно.
#Барилгын_дулааны_алдагдал нь үндсэн хоёр алдагдлаас бүрддэг.
1. Хаших хийцийн алдагдал нь дулааны шилжилтээр явагдана. Барилгын гадна хана, дээвэр, шал, цонх, хаалга зэрэг хаших хийцээр алдагдах дулаан юм. Энэ нь барилгын байршил, хийцийн төрөл, гадаргуугийн талбай, геометр хэлбэрээс хамаарна.
2. Агаар нэвтрүүлэлтийн алдагдал нь барилгын цонх, хаалганы завсар зай, хашлага хийцэд үүссэн ан цав, нүх сүвээр болон салхижуулалт хийх үеэр гардаг. Салхижуулалт хийх үед өрөөний доторх дулаан агаар хүйтэн гадна агаараар солигдон дулааны алдагдалд хүргэдэг.
-Ханын дулаалга- Мэргэжлийн хүмүүсээс зөвөлгөө авч, дулаан тусгаарлалтын ажил гүйцэтгэх, технологийн дагуу, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, галын аюулгүй материалыг сонгон байр сууцныхаа ханыг дулаалах хэрэгтэй.
-Хаалга – Хаалгаар хүйтэн агаар их ордог бол давхар хаалга хийх эсвэл хаалгыг зориулалтын дулаалгын материалыг ашиглан дулаалах хэрэгтэй.
-Цонх – Цонхны хананд суусан хэсгүүд зай завсартай бол шахдаг хөөс эсвэл силикон цавуу ашиглан зайг бөглөөрэй. Гол нь цаг агаар арай дулаан үед хүйтэн температурт тэсвэртэй бүтээгдэхүүн ашиглах хэрэгтэй.
Вакум цонхны жийрэг резин муудсанаас болж завсараар нь тоос шороо, агаар нэвтэрдэг тул жийргийг 3-5 жил тутамд солих хэрэгтэй. Резиний насыг уртасгахын тулд цонхоо арчлах үедээ жилд дор хаяж нэг удаа ургамлын тосоор тосолно. Чанар муутай цонхнуудыг хүрээ сэнсэрснээс үүдэн гажиж дулаан алдагдлыг ихэсгэдэг. Энэ үед засвар зайг наалттай хөөсөнцөр туузаар наах хэрэгтэй. Том цонхнуудын шил нь өөрөө хүйтныг дамжуулдаг тул ялангуяа хойшоо харсан том цонхыг тусгай гялгар уутан бүрээсээр бүрэх хэрэгтэй. Цонх хаалганы завсар зайг сайтар Чигжиж битүүмжлэх, ингэснээр алдагдлыг хамгийн багадаа 5-15% бууруулах боломжтой. Та байр орон сууцаа дулаалснаар таны өрөөний тасалгааны хэм 5-10 хэмээр нэмэгдэх юм.
#ХАЛААЛТ– дотор халаалтын системийн түгээх шугам, халаах хэрэгсэл, таслах хаалтуудад үзлэг хийлгүүлж, шаардлага хангахгүй болсон бөглөрөлтэй шугам, барьдаггүй таслах хаалт, бохирдсон халаах хэрэгслүүдийг сольж шинэчлэх шаардлагатай. Мөн ханын халаах хэрэгслийн халалтыг сайжруулахын тулд тусгай зориулалтын мөнгөлөг цаасыг халаах хэрэгслийн араар нааснаар халууныг гадна хана уруу бус өрөө тийш ойлгож өгдөг. Халаах хэрэгсэлд тохируулгатай термостат хаалт суурилуулснаар өрөөний агаарын хэмд тохируулан халаалтаа ихэсгэх, багасгах боломжтой болдог.
Дулааны хэмнэлтийг бий болгохын тулд өөрийнхөө хэрэглэж буй дулааны хэмжээг хэмжиж тооцдог болох шаардлагатай. Ус дулаан түгээж буй төв /ЦТП/, ялтсан халаагчийн халаалт, ХХУсны халаагчийг иж бүрэн автожуулснаар дулааныг 15% хэмнэх боломжтой.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button