Эрчим хүчний салбарын байгууллагуудын хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, 2021-2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн биелэлтийг танилцуулах, 2023-2024 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийг сурталчлах, эрчим хүчний салбарын ажилтнуудын өмнө тулгамдаж байгаа асуудал, санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх арга хэмжээний санал боловсруулж танилцуулах чиг үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу 2023 оны 9 дүгээр сарын 04-нөөс 12-ны өдрүүдэд Орхон, Хөвсгөл, Дархан-Уул аймгуудад ажиллаа.

Тус ажлын хэсгийн ахлагчаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор, Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын салбарын ажиллах хүч, сургалт хариуцсан шинжээч Д.Оюунчимэг, салбарын ҮЭ-ийн холбооны мэргэжилтэн Д.Даваасүрэн нар “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хангайн бүсийн салбар, “Хөвсгөл эрчим хүч” ХХК, “Хөвсгөл дулааны станц” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбар зэрэг байгууллагуудын удирдлага, ажилтнуудтай уулзаж мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонслоо.
Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээр биелэлт 95 хувьтай, 2021 онд /24 байгууллага/ 1803,0 мян/төг, 2022 онд /22 байгууллага/ 1963,1 мянган төгрөгт хүрсэн байна. Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үндсэн цалинг тогтоосон тохиолдол байхгүй, 2023 оны 1 сарын 1-нээс үндсэн цалинг 10 түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн заалтыг байгууллагууд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эрчим хүчний салбарын байгууллагуудын хувьд хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн дагуу олгогдох орон сууцны дэмжлэг, тусламжууд олгогдоогүй төдийгүй Хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд танхимаар зохион байгуулсан сургалт, ажилчдад олгосон буцалтгүй тусламж, тэтгэмж, илүү цагийн нэмэгдэл хөлс олголтод аудитаас зөрчилд тооцож албан даалгавар өгдөг нөхцөл байдал хэвээр байна.
Эрчим хүчний байгууллагуудын үнэ тарифыг өөрийн өртгөөс хэт багаар баталж мөрдүүлж ирсэн хирнээ Хэмнэлтийн хуулиар далайлган хамтын гэрээ, хэлэлцээрийг мөрдүүлэлгүй акт тавих, албан шаардлага хүргүүлэх хэлбэрээр ажиллаж ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллыг улам дордуулж байгаа талаар бүхий л байгууллагуудын ажилтнуудаас санал гомдол гаргаж байлаа.
Нөгөө талаар эрчим хүчний байгууллагууд хөрөнгийн эх үүсвэргүйн улмаас техник тоноглолоо шинэчилж чадахгүй, засвар үйлчилгээг чанартай гүйцэтгэх боломжгүй болсон нь ажлын байрны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, аваар саатал гарах үндэс болдог, ажилтнуудын цалин хөлсийг бодит үнийн өсөлтөд хүргэж нэмэгдүүлж чадахгүй байгаагаас ажилтнууд олноороо ажлын байраа орхиж мэргэжилтэй ажиллах хүчний хомсдолд орж байгаа зэрэг олон хүндрэлүүдийг ярилаа.
Хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа талаар ажилтнуудаас ирсэн гомдол саналын дагуу МЭХГУУ-н ҮЭХ-ноос 2022 оны 11 сард хамтын гэрээгээ хэрэгжүүлж ажиллах чиглэлийг салбарын үйлдвэр, компанийн удирдлагуудад хүргүүлж байсан ч зөрчил дутагдал хэвээр байсаар байна. МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Үндэсний аудитын газартай 5 дугаар сарын 11-нд хийсэн уулзалтаар яригдсан асуудал, зөвлөмжийг ажилтнуудад хүргээд 9 дүгээр сард зохион байгуулагдах салбарын ажилтнуудын зөвлөгөөнөөр эрчим хүчний салбарын бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр олон нийт болон төр засагт хүргэж шаардлагатай шийдвэр гаргуулахад хамтран ажиллахыг нийт ажилтнуудад уриаллаа.




