ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ЗАРДЛЫГ ТӨР ХАРИУЦАХААР БОЛЛОО

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас бүх айл өрх болон 9 салбараас бусад ААНБ-ын цахилгаан, дулааны зардлыг төрөөс хариуцах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр 2020 оны 12 сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хэрэгжинэ. Дулааны мөнгийг 100 хүртэл м/кв байртай айл өрхүүд тэглүүлэх бол 100 м/кв-аас дээш бол зөрүү төлбөрөө өөрсдөө төлнө. Үүнд шаардлагатай 650 орчим тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлнэ. Мөн сайжруулсан түлшний үнийг өмнө нь 50 хувиар бууруулсан бол нэмж 25 хувь бууруулж, 937 төгрөгөөр борлуулахаар боллоо. Шахмал түлшний хөнгөлөлтөд шаардлагатай санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” компани хариуцна. Энэхүү шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Цахилгааны төлбөрийг төр хариуцах болсонтой холбогдуулж хэрэглээ огцом өсвөл бид эх үүсвэрийн чадлын дутагдалд орж хүндрэл гарах магадлалтай. Энэ тал дээр төрөөс хэрэгжүүлэх зохицуулалтаас илүүтэйгээр манай иргэд, аж ахуйн нэгжийн зөв зохистой хэрэглээ, хэмнэлттэй горим үр дүнгээ өгнө. Энэхүү арга хэмжээг дэмжиж, хамтарч ажиллаж чадна гэдэгт найдаж байна” гэлээ. Цар тахлын улмаас бий болсон эдийн засгийн хүндрэлийг шийдэхийн тулд айл өрх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих шийдвэрийг Монгол Улсын Засийн газраас гаргалаа. Хэрэглэгч та бүхэн цахилгаан, дулааны эрчим хүчээ зохистой хэрэглэж, хэмнэлттэй байвал эрчим хүчний системийн хэвийн, найдвартай ажиллагааг хангахад дэмжлэг болох юм.




