ХУУЧИН ДАРХАНЫ МОНГОЛ АЛТНЫ УУЛЗВАРААС ДАРХАН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХООРОНДОХ /К27-39 ХУДГИЙН ХООРОНД/ ДУЛААНЫ ДАМЖУУЛАХ СҮЛЖЭЭНИЙ ШУГАМ ХООЛОЙГ ШИНЭЧЛЭХ, ӨРГӨТГӨХ АЖЛУУДЫГ ИРЭХ 2022 ОНЫ ТӨСӨВТ СУУЛГАХ САНАЛЫГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ БОЛОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД УЛАМЖИЛЛАА

Дархан хотын дулаан дамжуулах сүлжээний K27-K39 худгийн хоорондох Ф300-350мм-ийн голчтой шугам нь 1968 онд ашиглалтанд орсон ба 53 дэх жилдээ ашиглагдаж байгаа бөгөөд ашиглалтын явцад 3 удаа гэмтэл гарсан бөгөөд тухайн хэсгийн ханын зузааны хэмжилтийг хийхэд 063-5.1 мм байсан ба нимгэрэлт зөвшөөрөгдөх хэмжээнээс 48%-64%-тай гарч аваарийн горимд ажиллаж байгаа ба өвлийн оргил ачааллын үед гэмтэл саатал гарсан тохиолдолд хуучин Дарханы хэрэглэгчдийг дулаан эрчим хүчээр хангах боломжгүй болох нөхцөл үүсээд байна. Горимын тооцоогоор 19,20-р хороолол, үндсэн ба туслах тосгон, төгсгөлийн чиглэлийн одоо байгаа нийлбэр ачаалал нь 25.52 Гкал/ц байна. Дархан хотыг 2020-2030 он хүртэлх хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийн хүрээнд нэмэгдэх ачаалал нь 41.17 Гкал/ц- аар нэмэгдэж, тухайн районы нийлбэр ачаалал 66.69 Гкал/ц болж байгаа нь одоо байгаа шугамын нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй, дээрх шугамыг өргөтгөх шаардлага гарч байна. Дээрх шугамыг шинэчилснээр дамжуулах шугамын дундаж насжилт 11 жил болж залуужих, төгсгөлийн хэрэглэгч дээрх напор 3-5 муб-аар нэмэгдэж, хотын хөгжилтэй уялдуулан өсөн нэмэгдэх хэрэглээний дагуу шинээр хэрэглэгчдийг дулаан хангамжийн системд холбох, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах нөхцөл бүрдэх юм.Иймд Дархан хотын дулаан дамжуулах сүлжээний к27-K39 худгийн хоорондох 300-350мм-ийн голчтой 1740 хос метр шугамыг өргөтгөн сольж шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийн асуудлыг 2022 оны улсын төсөв болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын төлөвлөгөөнд тусгуулж дэмжлэг үзүүлэх саналыг Эрчим хүчний яам болон Дархан-Уул аймгийн удирдлагуудад уламжиллаа.




